Монгол Улсын Үндэсний Номын Сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй Монгол улсын хамгийн том номын сан бөгөөд одоогоор 5 хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сангийн одоогийн бүтэц
Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс
Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс нь дараах гол үүргүүдийг гүйцэтгэж байна:
- Улсын хэмжээний бүх номын санг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах
- Улсын хэмжээнд мөрдөгдөх номын сангийн дүрэм журмыг боловсруулах
- Номын санчдыг давтан сургах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах
- Номын санчдад зориулсан мэргэжлийн сэтгүүл, зөвлөгөө, гарын авлагыг гаргах, хэвлүүлэх
- Монголчуудын бичгийн өв дурсгалыг судлах
Мэргэжлийн онол аргазүйн
“Номын Санч” сэтгүүлийг жил бүр тогтмол бэлтгэн гаргаж, нэгдсэн
захиалгаар орон даяар номын сангуудад хүргэдэг. Мөн түүнчлэн жилдээ
40-50 номын санд арга зүйн зөвлөгөө өгөх, аймаг нийслэлийн номын
сангуудын ажлын тайлан мэдээнд судалгаа хийж товхимол гаргах, ерөнхий
болон салбар номзүйн бүртгэл хийх, уншигчдын бие даан боловсроход нь
туслах чиглэлээр тусгай сэдвээр санамж номзүй хийж сурталчлах, шинэ
номын мэдээ сар бүр гаргах, номын сангийн програм хангамжийг шинэчлэн
сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.
Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэс
Тус номын сан нь Үндэсний
номын сангийн хувьд сан хөмрөгийн бүрдүүлэлтийн асуудалд онцгой
анхаарч, зөвхөн ном хэвлэлээс гадна газрын зураг, үнэт ховор ном, гар
бичмэл судар, угийн бичиг, хуулимал ном, микрофильм, микрофиш зэрэг
хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулан бүрдүүлж сан хөмрөгөө баяжуулж байна. Мөн
Монгол улсад эрт өдгөөд хэвлэгдсэн бүх төрлийн ном сонин сэтгүүлийн
зайлшгүй хадгалах хувийг бүрдүүлэн архивын фондонд төвлөрүүлж байна.
Жилдээ 7000 гаруй шинэ ном, хэвлэл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд,
монгол судлалын номын худалдаа, ном солилцоо, нөхөн бүрдүүлэлт, бэлгийн
журмаар хүлээн авч байна. 50 орны 100 гаруй номын сантай ном хэвлэл
солилцох ялангуяа гадаадад хэвлэгдсэн монголын тухай ном хэвлэлийг
түлхүү бүрдүүлж, эрдэмтэн судлаач, уншигчдын хүртээл болгож байна.
Эдгээр ном хэвлэлээ номын сангийн дүрэм журмын дагуу ангилж данслан
ажиллаж, төрөл болон үсэг дарааллын каталоги, электрон каталогийн
тусламжтайгаар уншигч, хэрэглэгчдэд үйлчилж байна.
Фонд Хадгаламжийн Хэлтэс
Эдүгээ Үндэсний Номын
Сангийн 3 сая гаруй хэвлэмэл болон гар бичмэл номын бүтэц бүрэлдэхүүний
байдлыг харгалзан 6 хөмрөгт ангилан хувааж, уншигч, судлаачдад үйлчилж
байна.
- Монгол судлал, гар бичмэл номын фонд: Гар бичмэл
болон монголын холбогдолтой ном хэвлэлүүд, монголын хаад ноёдын угийн
бичиг, монгол лам нарын сүм бум, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд
болон тэдгээрийн хураангуй зэрэг монголын ард түмний оюуны сор болсон
бүтээлүүд хадгалагдаж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын хүртээл болж
байна.
- Монгол номын фонд: 160.000 орчим монгол болон
кирилл бичгийн ном тус фондод хадгалагдаж, өдөр тутам уншигч, судлаачдын
хүртээл болж байна. Тус фонд нь электрон каталогийн үйлчилгээнд
шилжсэн.
- Дорно дахины ном хэвлэлийн фонд: 100.000 гаруй Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Манж хэл дээр бичигдсэн ном хэвлэлтэй.
- Тогтмол хэвлэлийн фонд: 200.000 орчим монгол болон
гадаад орнуудын нэгж тогтмол хэвлэлтэй. Эдгээрийн дотор 1912-1915
онуудад болон хувьсгалын эхэн үед хэвлэгдсэн монголын анхны сонин
сэтгүүлүүд бүрэн эхээрээ хадгалагдаж байна.
- Өрнө дахины фонд: 600.000 орчим орос, англи,
герман, испани, болгар зэрэг олон хэлний бүх салбар шинжлэх ухааны ном
хадгалагдаж өдөр тутам уншигч хэрэглэгчдийн хүртээл болж байна.
- Төвд номын фонд: 1 сая гаруй төвд ном судар
хадгалагдаж байгаа бөгөөд монгол шунхан барын Ганжуур, Данжуур, алт,
мөнгө, есөн эрдэнээр бичсэн судрууд, модон болон зэс барууд байдаг.
Азийн сонгодог зохиолуудыг ном сударт оруулах ACIP төслийн хүрээнд төвд
ном судрын каталогийг хийж, комьютерт оруулах ажил хийгдэж байна.
|
No comments:
Post a Comment